Нээгдээд хаагдсан Ормузын хоолой

Энэ 7 хоногийн эхээр АНУ-ын зүгээс Иранд тулган шаардлага тавьж, уг шаардлагын хугацаа бараг дуусахтай зэрэгцэн Ираны зүгээс 10 зүйл бүхий эвлэрлийн санал тавьснаар 14 хоногийн хугацаатай гал зогсоохоор тохирч, үүнтэй зэрэгцээд Ормузын хоолой ч нээгдэхээр болсон. Гэтэл санаатай юу, санамсаргүй юу, Израйлийн зүгээс Ливаны зарим хот суурингуудыг бөмбөгдсөнөөр энэ гал зогсоох тохиролцоо хүчингүй болж, Ормузын хоолой эргээд хаагдав.

Хаагдав ч гэж дээ, Иран улс хоолойг нээлээ гэж зарласнаас хаах хүртэл ердөө 8 хөлөг онгоц л тус хоолойгоор нэвтэрсэн мэдээ байна. Тэгэхээр бараг гүйцэд нээж амжаагүй шахам байхад нь Израйль хөрш рүүгээ довтолсон байж таарах нь. Ливан энд ямар хамаатай вэ гэхээр Иранаас АНУ-д хүргүүлсэн эвлэрлийн 10 нөхцөл дотор Ливаныг гал зогсоох тохиролцоонд хамруулах гэсэн заалт байжээ. Харин Израйль үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсан уу, эсвэл угаасаа АНУ-Ираныг эвлэрүүлэх сонирхол Израйльд байхгүй байсан уу, хоёр улсын түр тохиролцоог нурааж, цаашилбал, дэлхийн нийтийн эдийн засаг, эрчим хүчний тогтвортой байдалд эрсдэл үүсгэх алхам хийжээ.

Үүнээс болоод GCC буюу Булангийн орнуудын зөвлөл цаашид Ираны энэ “боолт”-ыг хэрхэн шийдэх, мөн Франц тэргүүтэй улс орнууд ачааны хөлгүүдээ цэргийн хамгаалалттайгаар Персийн булангаар зорчуулах боломж эрэлхийлж эхэлсэн мэдээллүүд гарчээ.

Өнөөдрийн байдлаар Ормузын хоолойн ойр орчимд олон зуун хөлөг онгоц, түүн дотор 426 нефть тээвэрлэгч хөлөг, 53 гааз тээвэрлэгч хөлөг зогссон байдалтай байна.

Далайн тээврийн эргэн тойронд
🚢 MSC компани удахгүй “мянгат” болох нь

Дэлхийн хамгийн том далайн тээврийн компани болоод байгаа Mediterranean Shipping Company (MSC) хөлөг онгоцынхоо тоог удахгүй 1000 давуулах нь. Тэд саяхан Sinokor далайн тээврийн компанийн 50%-ийг худалдан авч, олон зуун нефтийн танкер хөлгийг эгнээндээ нэгтгэх нь цаг хугацааны асуудал болоод байгаа бол үүний зэрэгцээ secondhand буюу ашиглаж байсан хөлөг онгоц 3 ширхэгийг худалдан авсан мэдээлэл байна. Эдгээр нь: 2,572 TEU багтаамжтай LUCIE SCHULTE болон MARGARETE SCHULTE эгч дүү хөлгүүд, мөн 1,732 TEU SONGA WOLF ачааны хөлгүүд юм. Одоогоор MSC компани 994 хөлөг онгоцтой байгаа бөгөөд хөлөг онгоц үйлдвэрлэгч компаниудад 127 шинэ онгоцны захиалга өгсөн гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ хөлөг онгоцууд ашиглалтанд орвол MSC-н чингэлгийн хүчин чадал 2.16 сая TEU болох ажээ.

MSC - Sinokor компаниудын наймааны талаар дараа дэлгэрэнгүй бичих болно.

🚢Аммиакан түлшээр ажилладаг анхны хөлөг онгоц үйлдвэрээс гарлаа

Өнөөдөр буюу 4 сарын 9-нд HD Hyundai Heavy Industries компанийн Улсан(БНСУ) хот дахь үйлдвэрт цоо шинэ хөлөг онгоцонд нэр хайрлах ёслол боллоо. Энэ бол Exmar LPG France компанийн захиалгаар Hyundai Heavy Industries бүтээж байгаа 4 хөлөг онгоцны 2 дахь нь бөгөөд шинэ хөлгийг Бельгийн хотуудын нэрээр “Antwerpen and Arlon” гэж нэрлэжээ. Уг хөлгийн онцлог нь дэлхийд анх удаа аммиакийн хийн түлшээр ажиллах хөдөлгүүртэй нь юм. Аммиакийн хий нь хүлэмжийн хий ялгаруулдаггүй, мөн хадгалахын тулд өндөр даралтат хөргүүр ашиглах шаардлагагүй гэдгээрээ цаашид далайн тээврийг хүлэмжийн хийнээс ангижруулахад тус дөхөм болохуйц түлш ажээ.

190 метр урт, 30.4 метр өргөн, 18.8 метр өндөр уг хөлөг нь шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэх зориулалт бүхий 3 тасалгаатай. Өндөр даралт тэсвэрлэх тасалгааг HD Hyundai Heavy Industries мөн л өөрсдөө зохион бүтээсэн бөгөөд хий алдагдлыг мэдрэх олон тооны аюулгүйн мэдрэгчээр тоноглогдсон гэж тус компанийн хөлөг онгоцны үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ү Жүн Хо мэдэгджээ.

Дотоод мэдээ
Төр засгийн шийдвэрүүд

Ерөнхий сайд Н. Учрал

Өнгөрсөн 7 хоногт Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдаж, шинээр томилогдсон ерөнхий сайд эхний шийдвэрүүдээ танилцуулав. Шинэ ерөнхий сайдын дэвшүүлсэн санаачлага нь “Чөлөөлье“.

Юуны өмнө татварын асуудлаас болоод дансаа хаалгасан олон мянган ААН-үүдийн дансыг нээх шийд гарсан бол энэ жилд хийхээр төлөвлөөд байсан 9,376 хуваарьт шалгалт(татвар, НД болон бусад холбогдох байгууллагын)-уудыг цуцлах шийдвэр гаргав. Энэ хэдэн мянга дотор хэдэн тээвэрлэгч, тээвэр зуучийн компани багтаж байсныг бид таашгүй.

Зам тээврийн яамны ТНБД-р томилогдсон Б. Баярмагнай

Мөн энэ аяны хүрээнд үү, өөр шалтгаанаар уу, нэг “чөлөөлөлт” явсан нь Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б. Насантогтохыг чөлөөлж, оронд нь М.Баярмагнайг Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилов. Тэрээр 4 дүгээр сарын 9-ний өдөр үүрэгт ажилдаа албан ёсоор орсон бөгөөд өмнө нь Сангийн яам болон ЗГХЭГ-т удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай эдийн засагч юм. Зарим нэг мэдээний сайтаас харахнээ, “чөлөөлье”-д өртсөн ТНБД нь АТГ-с үндэслэлгүй хөрөнгөжих хэрэгт шалгагдаж байгаа юм байна.

Зах зээл
Тээврийн үнийн таамаг

Хамгийн эхний дугаартаа Ойрх Дорнодын хэрэг явдал тээврийн үнэд хэрхэн нөлөөлж болзошгүй талаар дурдсан учраас тээврийн үнэд нөлөөлж магадгүй өөр бусад шалтгаануудын талаар товчхон дурдъя.

  1. Хаа сайгүй газрын тосны үнийн өсөлттэй холбоотойгоор ачаа тээвэр болон зорчигч тээврийн үнэ ч нэмэгдлээ. 10 хоногийн өмнөх УБ-Инчон нислэгийн үнэ л гэхэд бараг 300,000 төгрөгөөр нэмэгдсэн байна гээд бодохоор тээвэр дээр энэ нөлөө хамгийн их ирж таарна.

  2. Энэ жилээс эхлэн EU ETS Carbon Tax нэртэй хураамжийг Европ дотор болон тус тив рүү гаднаас тээвэр хийх далайн тээврийн компаниудаас авахаар болж байгаа. Татвар бага төлмөөр байвал LNG, эсвэл аммиак түлш, устөрөгчийн хөдөлгүүр рүү хөлөг онгоцуудаа шилжүүлэх шаардлага тавигдсан. Энэ татвараас болоод Европ чиглэлийн тээврийн үнэ чингэлэг тутамдаа $150-$400 нэмэгдэх магадлалтай аж.

  3. Улаан тэнгисийн зам эрсдэлтэйд тооцогдсоноос хойш томоохон тээвэрлэгчид бүгд Африк тивийн урдуурх замыг сонгож байгаа. Энэ замнал нь тээврийн хугацааг бараг хоёр дахин уртасгаж байгаа нь Азийн боомтууд дахь чингэлгийн эргэцийг маш ихээр саатуулж байна. Улмаар боомтууд дээрх чингэлгийн бөөгнөрөл, demurrage төлбөр нэмэгдэж байгаа нь үнэд муугаар нөлөөлөх болов уу.

  1. Сайн мэдээ нь гэвэл энэ 2026 онд ашиглалтад шинээр орох чингэлэг тээврийн усан онгоцны тоо нилээн өндөр байгаа нь тээвэрлэлт талдаа нийлүүлэлт нэмэгдэж, улмаар далайн тээвэр дээр үнэ тогтвортой байх нөхцөл бүрдүүлж болохоор байна.

За дугаараа энэ хүргээд өндөрлүүллээ.

Манай сошиал хуудсуудыг дагаарай.

PS: Монголын тээвэр зуучийн нэгдсэн холбооны менежерүүдийн ФБ группт элсэх манай пэйжийн хүсэлтийг зөвшөөрөөд өгвөл бид пэйжээр дамждаг мэдээллүүдээ тус группт хуваалцах боломж үүсэх юм байгаам шүү 😊😊

Keep Reading