Ээлжит дугаараараа уулзаж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн 7 хоногийн мэдээллийн товхимол нь одоогоор нийтлэгдсэн дугааруудаас хамгийн бага уншигчтай байсан тул энэ удаад өглөө, ажлын цаг эхлэхээс өмнө нийтлэл илгээж буй нь энэ юм.

Хариу мэйл илгээх нь хэн бүхэнд нээлттэй тул сонирхсон, авахыг хүссэн мэдээллээ илгээж байвал, дараагийн дугаараа илүү баяжуулахад маань тус нэмэртэй байх болно.

Дэлхийн дахинд
🌎 Сингапурын бүрэн автомат боомт

Өнгөрсөн 7 хоногт Сингапурын Tuas Mega боомтын 4-р хэсэг нээлтээ хийлээ. Энэ боомтын гол онцлог нь бүрэн автомат буюу боомтын бүх кран, автомашин, чингэлгийн хөдөлгөөнийг AI болон автомат удирдлагат роботууд зохицуулах юм. Өөрөөр хэлбэл, ачаа тээврийн урсгалд нэг ч хүн оролцох шаардлагагүй гэсэн үг.

Боомтын 4-р хэсэг нь 1000 орчим га газар эзлэх ба автомат жолоодлоготой, цахилгаан хөдөлгүүртэй 1200 автомашин, автомат удирдлагатай 98 ширхэг буулгах кран, мөн газар доор байрлах, бүрэн AI удирдлагатай чингэлэг ангилан ялгах байгууламж зэргээс бүрдэх ажээ. Хөлөг онгоц боомтод орж ирмэгцээ LIDAR төхөөрөмжийн тусламжтайгаар буулгах краны дэргэд байрламагц, робот кранууд ачааг буулгаж, улмаар хөлөг онгоц буцаад боомтоос хүний ямар нэг оролцоо шаардлагагүй болох юм. Энэ зарчимаар ажиллаж, жилдээ 65 сая TEU ачаа боловсруулахаар төлөвлөсөн тус боомтын үйл ажиллагааны зардал нь бусад хүмүүс ажиллуулдаг боомтуудаас даруй 40%-иар бага байх төлөвтэй байна.

Сингапурын боомтын хэрэг эрхлэх газраас мэдээлснээр Tuas боомтын 4-р хэсгийн автоматжуулалт нь 8000 ажилтны гүйцэтгэх байсан ажил үүргийг бүрэн автоматжуулалт, робот болон хиймэл оюун ухааны мэдэлд шилжүүлж байгаа гэжээ. Удахгүй Сингапурт шинээр ашиглалтад орох буюу өртгөтгөл хийгдэх бүх боомтуудад энэ технологийг ашиглаж магадгүй байна.

Дэлхий дахинд

Малаккийн хоолой төлбөртэй болох уу?

Дэлхий ачаа тээврийн хамгийн том зангилаанууд болох Клан боомт(Port Klang), Сингапур боомт байрладаг Малаккийн хоолойг яагаад Ормузын хоолой шиг төлбөртэй болгож болохгүй гэж гэсэн санаа өнгөрсөн 7 хоногт яригдав. Индонезийн ерөнхийлөгч тус улсыг дэлхийн худалдааны томоохон тоглогч болгох зорилт дэвшүүлсний хүрээнд тус улсын сангийн сайд Пурбаяа Садева нэгэн мэдэгдэл хийсэн нь дэлхийн хамгийн их урсгалтай усан замуудын нэг болох Малаккийн хоолойгоос Индонез улс дамжин өнгөрсний төлбөр авах боломжийг эрэлхийлж байгаа гэдгээ зарласан явдал байв.

Одоогоор албан ёсны шийдвэр гараагүй ч, тус хоолой дамжин өнгөрдөг улсын сангийн сайд олны өмнө ийнхүү мэдэгдэл хийсэн нь яавч зүгээр нэг тоглоом шоглоом болгоод өнгөрөх асуудал биш билээ. Учир нь Малаккийн хоолой нь Суэцийн суваг, Панамын суваг, Ормузын хоолойн нэгэн адил тивүүдийг холбосон, Энэтхэгийн далай Номхон далайн хооронд хийгддэг бүх л тээврүүд дамжин өнгөрдөг стратегийн өндөр ач холбогдол бүхий байршил юм. Хэрэв энэ хоолойгоор дамжих тээвэр төлбөртэй болвол Зүүн өмнөд болон зүүн Азийн бүх тээврийн үнэд өөрчлөлт орох нь дамжиггүй. Одоогоор Малаккийн хоолойтой хиллэдэг Индонези ийм мэдэгдэл хийгээд байгаа бол бусад хиллэгч улсуудаас Малайз ямар нэг байр суурь илэрхийлээгүй, харин Сингапур улс хоолойгоор дамжин өнгөрөх тээврээс төлбөр авах нь учир утгагүй зүйл гэсэн байр сууриа мэдэгдээд байгаа юм. Цаашид яахыг харж л байя даа. Хэрэв Ормузын хоолойгоос Иран төлбөр аваад эхэлбэл Индонез лав зүгээр хараад суухгүй бололтой.

Дэлхий дахинд

MSC компани Ормузын хоолойгоор онгоцуудаа “сэм гулгуулав”

Ормузын хоолойг нэг бол Иран хаагаад, эсбөгөөс АНУ хаагаад, мөн ч үйлийг нь үзэж байна. Нэг бол нээлээ л гэнэ, нэг нь хаагаад, нөгөө нь нээгээд..

Энэ бужигнаан дундуур далайн тээврийн гигант MSC компани Ормузын хоолойн бүслэлт дундуур өөрийн 6 хөлөг онгоцыг амжилттай нэвтрүүлж чаджээ. Эдгээр нь:
→ 19,224 TEU MSC CLARA
→ 16,000 TEU MSC GRACE
→ 13,102 TEU MSC MARGRIT XIII
→ 11,660 TEU MSC FRANCESCA
→ 9,200 TEU MSC MADELEINE
→ 6,673 TEU EPAMINONDAS зэрэг хөлгүүд юм.

Эдгээр хөлөг онгоцууд өөрсдийн байршил мэдээлэгч төхөөрөмжөө унтраан, “үл үзэгдэх” горим дээрээ тавиад хоолойг нэвтэрсэн бөгөөд Арабын тэнгист гарч, аюулгүй болсон хойноо байршил мэдээлэгчээ асаасан гэнэ. Энэ 6 хөлөг бүслэлтээс гарч чадсанаар одоогийн байдлаар Персийн буланд гацсан чингэлэг тээвэрлэгчийн тоо бараг 100-аас доош орсон байх гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Гэсэн ч тэдгээр 100 хөлөг дээр хамгийн багадаа 270000 TEU, магадгүй хамгийн ихдээ 430000 TEU ачаа гацсан байх магадлалтай ажээ.

Урд хөршийн сонин сайхан
Хятад Европын төмөр замын ачаа эргэлт нэмэгдсээр

Энэ он гарсаар Хятад-Европын ачааны галт тэрэгний урсгал нэмэгдсэн хэвээр байна. Хятадын төмөр 1-р сараас хойш Европын чиглэлд 93 замналаар галт тэрэгний цуваа илгээсэн бөгөөд Европын 26 орны 235 хотод ачаа хүргэж байгаа юм. Ази-Европыг холбосон бүхий л боломжит төмөр замуудаар Хятадын ачаа Европ тив рүү тээвэрлэгдэж байгаа бөгөөд Хятадын тээвэр зуучийн компаниуд харилцагчиддаа олон төрлийн сонголт, улс дамнасан ложистикийн хувилбарууд санал болгож байгаа тул тээврийн давтамж хэмжээ цаашид улам нэмэгдэх нь дамжиггүй.

Уг тээвэрлэлтийн гаалийн процессыг шуурхай зохион байгуулах талаар Хятад улс бүх л хиллэдэг улс орнуудынхаа болон дамжин өнгөрдөг улс орнуудын гаалийн байгууллагатай тохиролцоонд хүрч, дамжин өнгөрөх галт тэргийн гаалийн бүртгэлийг 30 минутын дотор л гүйцэтгэх боломж бүрдүүлсэн гэжээ. Ийм ч учраас энэ оны 1-р улирлыг 2025 оны мөн үетэй харьцуулахад, Хятадын баруун бүсээс гарах галт тэрэгний тоо 19%, төвийн бүсийнх 26%, баруун бүсээс гарсан галт тэрэгний тоо 49 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа М.


Тяньжин боомт болон ӨАБНУ-г холбосон анхны далайн тээврийн шууд маршрут нээгдлээ.

Хятадын Тяньжин боомтоос Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын боомтууд руу хүрэх далайн тээврийн шууд маршрут нээгдлээ. 4-р сарын 18-ны өдрөөс эхлэн ӨАБНУ-н Дурбан, Көуга боомтууд руутус бүр нь 10000 TEU багтаамж бүхий 12 чингэлэг тээврийн усан онгоцууд явж эхэлж байгаа бөгөөд тээврийн дундаж хугацаа нь 40 орчим хоног байх ажээ.

Урьд өмнө нь Бээжин, Тяньжин, Хэбэй муж зэрэг зүүн хойд Хятадаас ӨАБНУ руу явах чингэлгүүд заавал Бусан, эсвэл Сингапурын боомтоос усан онгоц сэлгэн ачигддаг байсан бол одоо ийнхүү шууд явах боломж бүрдэж, тээврийн хугацааг ч өмнөхөөс 10 хоногоор багасгаж байна.


Хятадад бүтээгдсэн анхны LNG усан онгоцны хөдөлгүүр

Хятадын Ляонин мужийн Далянь хотод тус улс өөрсдөө анх удаа зохион бүтээж буй байгалийн шингэрүүлсэн хийгээр ажилладаг хос хөдөлгүүр 8G95-г хүлээлгэн өгөх ёслол боллоо. Уг хүчирхэг хөдөлгүүрийг 21000 TEU болон 24000 TEU тээвэрлэх хүчин чадал бүхий хэт том чингэлэг тээвэрлэгч онгоцууд(ultra-large container ships)-д тавих юм.

Хөдөлгүүрийн загварын бүтэн нэр нь 8G95ME-C10.5-GI-EcoEGR бөгөөд, 16 метр өндөр, 1600 гаруй тонн жинтэй юм. Зүйрлэвээс, усан онгоцны нэг хөдөлгүүр нь л гэхэд 5 давхар байшингаас өндөр гэсэн үг. Энэхүү хөдөлгүүр нь 74725 морины хүчтэй тус одоогийн байдлаар Хятадад бүтээгдээд байгаа хамгийн хүчирхэг гаазан хөдөлгүүрт тооцогдож байгаа. Урд хөршийн тээврийн салбарынхан хүлэмжийн хийн ялгарал бууруулах тал дээр өндөр хүчин чармайлт гарган ажилласаар байгаагийн нэг жишээ болж байна даа.

Дотоод мэдээ
Түлш шатахууны үнэ хаашаа хөдлөх гээд байна вэ?

Ердөө хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд Н.Учрал олон нийтийн сүлжээний сувгуудаараа дамжуулан “Дизелийн түлшний үнэ 6400 төгрөгт хүрэх нөхцөл бүрдээд байна“ гэсэн мэдээлэл хийсэн нь манай тээвэр, тээвэр зуучийн салбарынханд тун чиг таагүй мэдээ байсан нь ойлгомжтой. Дизель түлшний үнийн өсөлт нь дотоод гадаад төмөр замын тээвэр болон авто тээвэр, цаашлаад хаалганд хүргэх хүргэлт, гаалийн терминалуудын дотоод зардлыг ч өсгөхөд хүргэнэ. Угаасаа дизель түлшний үнэ зөвхөн өнгөрсөн 3-р сард л гэхэд 950 төгрөгөөр нэмэгдсэнийг бид бүгд мэдэж байгаа.

Харин өнөөдөр гарсан мэдээллээс үзвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Казакстан улсад ажиллахдаа тус улс жилд нэг сая тонн түүхий нефть Монгол улсад нийлүүлэх санамж бичиг байгуулсан гэж мэдэгдсэнээс гадна ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев, “Роснефть” компанийн захирал Игорь Сечин, “Газфромнефть” компанийн захирал А.Дюков нартай уулзаж, дизель түлшийг Монгол улсад нийлүүлэхдээ Оросын дотооддоо баримталдаг үнээр нийлүүлэх зарчимын тохиролцоонд хүрсэн гэжээ. Үнэн бол сайхан л мэдээ аж.

Дотоод мэдээ
Хот доторх төмөр замыг Нийслэлийн мэдэлд авах уу?

Өчигдөр олон нийтийн сүлжээнд нэгэн иргэн “Богд уулын урдуурх Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлтийн төмөр замыг УБТЗ-д шилжүүлээд хот дундуурх төмөр замыг нийслэлд шилжүүлэхээр орос РЖД-тэй өнгөрсөн долоо хоногт Санкт Питербургт тохирсон.“ гэж бичжээ.

Албан ёсны эх сурвалжууд ямар нэг мэдээлэл гаргаагүй боловч Хүннү хотын ашиглалтын өмнөх захиргааны албан пэйж дээр 4-р сарын 21-нд оруулсан мэдээллээс үзвэл тун ч ортой мэдээлэл байж болохоор байна.

Hunnu city пэйжийн мэдээг бүтнээр нь сийрүүлбэл:

🚞"Багахангай–Хүннү хот" чиглэлийн төмөр замын барилга угсралтын ажил 84%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Улсын Их Хурлын 2024 оны 76 дугаар хот байгуулах тухай тогтоолд үндэслэн Засгийн газрын 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор эхлүүлсэн энэхүү төслийн барилгын ажил 2025 оны 4 дүгээр сарын 25-нд албан ёсоор эхэлсэн.
Засгийн газрын 2026 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 105 дугаар тогтоолоор "Багахангай–Хөшгийн хөндий" чиглэлийн төмөр замыг "Эмээлт" өртөөнд холбохоор шийдвэрлэсний дүнд ОХУ болон БНХАУ-аас ирэх транзит ачаа Улаанбаатар хотыг тойрч, шууд Хүннү хотын логистикийн төвд хүрэх, дамжин өнгөрөх боломж бүрэн бүрдэж байна.
Төсөл хэрэгжсэнээр жилд 3.5–20 сая тонн ачааг — шатахуун, химийн болон бусад аюултай бараа бүтээгдэхүүнийг оролцуулан — нийслэлийн төвөөр дамжуулахгүйгээр тээвэрлэх нөхцөл бүрдэнэ.
Мөн энэ нь Улаанбаатарын төвлөрлийг сааруулах, иргэдэд аюулгүй, эрүүл орчин бүрдүүлэх зорилго бүхий дагуул хотын стратегийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох юм.
Ийнхүү Хүннү хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнийхөө дагуу ирээдүйн хотын дүр төрхийг аажмаар бүтээж бодит үр дүнгээ харуулах цаг ирж байна.

гэжээ.

Өөрөөр хэлбэл, анх Богд хан уулын урдуур тавигдах төмөр замыг УБТЗ-н мэдлийн төв төмөр замд холбуулахгүй гэж “гэдийж” байсан Орос талын хувь эзэмшигчид тохиролцоонд хүрч, уулын урдуурх төмөр замыг төв магистраль шугамандаа холбоод, нийслэл дундуур явж байгаа төмөр замыг улсад, өөрөөр хэлбэл Засгийн газарт шилжүүлэн өгөх магадлал байна гэсэн үг.

Энэ тохиолдолд уг төмөр замыг транзит бус зөвхөн дотоод тээвэртээ, тухайлбал цахилгаан станцуудын нүүрс тээвэрлэлт зэрэг ашиглах уу, эсвэл олон нийтийн сүлжээнд бичигдэж байгаачлан, хурдны замын трасс болгож ашиглах уу гэдгийг Засгийн газар шийдэх биз ээ.

Дотоод мэдээ
Казахстан Монголын хооронд авто зам барих хамтын шийдвэрт хүрлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх энэ 7 хоногт Казакстан улсад төрийн айлчлал хийлээ. Айлчлалын үеэр олон асуудлууд яригдаж тохиролцоонд хүрсний дотор тээврийн салбарын бид бүхэнд хамаатай нэг зүйл яригдсан нь хоёр улсыг холбосон авто зам байв. Айлчлалын төгсгөлд Казакстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэлсэн үгэндээ “Одоогийн байдлаар 130 сая ам.долларт хүрээд байгаа хоёр улсын худалдааг 500 сая ам.долларт хүргэнэ. Худалдааг хөгжүүлэхэд саад болж буй бэрхшээлүүдийг хамтдаа арилгахын төлөө ажиллана. Цаашид агаарын болон авто тээврийг илүү хөгжүүлнэ. Үүний тулд авто зам барьж хамгийн дөт замыг нээхээр тохиролцлоо“ гэж мэдэгдсэн юм.

Газарзүйн өвөрмөц байршлаас үүдэн хоёр улсын хооронд хийгдэж буй авто тээвэр заавал ОХУ-ын нутгаар дамжин өнгөрч байгаа. Тэгэхээр дээр дурдсан хоёр улсын авто замын төсөл нь зайлшгүй ОХУ-н оролцоог хангаж байж бүрэн хэрэгжих биз. Мөн Монгол, Казакстан улсуудын хиллэдэг бүс нутаг нь өндөр уул нурууд, бартаа саад ихтэй байдгийг бодолцвол өртөг зардал өндөртэй, хугацаа шаардсан ажил болох нь тодорхой байна.

Энэ 7 хоногийн дугаараа энд хүрээд өндөрлөж байна. За тэгээд нөгөө л үгээ бичиж үлдээнэ дээ.

Манай мэдээллүүд таалагдаж байгаа бол хуудсуудад маань нэгдэж, нийтлэлийг маань сошиал дээрээ ч мөн хуваалцаарай.

Баярлалаа.

Keep Reading