Дэлхий дахинд
🌎 Тайванийн далайн тээвэрлэгчид засгийн газраасаа тусламж хүслээ

Тайванийн усан тээврийн хамгийн том компаниуд болох Evergeen, Yang Ming, Wang Hai Lines компаниуд засгийн газартаа хандаж, Ираны дайн эхэлснээс хойш тэнд гацаад байгаа чингэлэг тээврийн хөлгүүдийг хөдөлгөхөд анхаарал хандуулж өгөөч гэсэн албан ёсны хүсэлт тавилаа. Тайванийн хөлөг онгоц эзэмшигчдийн жил бүрийн ээлжит хурлын дараа дээрх компанийн удирдлагууд Гадаад хэргийн яамаараа дамжуулан Ираны засгийн газарт хүсэлт гаргах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ. Дээрх компаниудын нийт 7 хөлөг онгоц Персийн буланд хөдөлгөөнгүй гацаад байгаа аж.

Хэдийгээр эдгээр хөлгүүд ачиж явсан бүх чингэлгүүдээ булангийн боомтуудад буулгаад хоосорсон боловч, Персийн булан, Ормузын хоолойд яваа бүх тээврийн онгоцуудыг даатгалын компаниуд даатгахаас татгалзсан учир дур мэдэн, хоолойгоор хөдөлгөөн хийхээс түдгэлзсэн байдалтай зогсож байгаа юм. Иран улс одоогоор Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хүсэлтэй хөлгүүд 2 сая долларын төлбөр төлөх шаардлага тавиад байгаа ч, олон улсын хоригт байдаг Ирантай ямар нэгэн төлбөр тооцоо, худалдааны харилцаанд орсон бол Европын холбоо, Их Британийн даатгалын компаниудтай үүсгэсэн хамтын ажиллагаа нь эрсдэлд орох учир Тайванийн хөлгүүд хаашаа ч үгүй гацжээ.

Усан тээврийн даатгалын зах зээлд ЕХ, Их Британийн даатгалын компаниуд давамгайлах байр суурь эзэлдэг учир далайн тээврийн компаниуд хөлгүүдээ мөнгө төлж гаргаж авъя гээд ч, даатгалын компанитай хийсэн гэрээнийхээ үүргийг зөрчихгүйн тулд ийнхүү зогсоож байх магадлалтай. Тайванийн усан онгоц эзэмшигчдийн холбоо харин энэ нөхцөл байдалд улс төр, дипломат арга хэрэгслээр асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн байр суурийг төр засагтаа уламжлаад буй нь энэ юм.

Дэлхий дахинд
🌎 Ойрхи Дорнодын хямрал хурцадсанаас хойш ОХУ-ын төмрийн хүдэр, улаан буудайн экспорт эрс өсчээ

Оросын төмөр замаар тээвэрлэсэн ачаа өсөн нэмэгдэхэд нөлөөлсөн гол ачаа нь төмрийн хүдэр болон улаан буудай байгаа аж. 2026 оны 1-р улиралд л гэхэд төсрийн хүдрийн тээвэр өмнөх оны мөн үеэс 30%-иар өссөн бол улаан буудай ч 2 улирлын дээд амжилтаа эвдсэн гэж ОХУ-ын төмөр замын тээврийн мэдээллийн төв мэдэгджээ.

Ачаа тээврийн ихэнх нь Хятад руу чиглэж байгаа бөгөөд нийт 16% буюу 45900 тонноор өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн үүний зэрэгцээ Казакстан руу хийсэн төмөр замын тээвэр хамгийн ихээр буюу 18 дахин нэмэгдсэн нь сонирхолтой юм. Турк улс руу хийгдсэн экспорт ч 1.7 дахин нэмэгдсэн ба ойрын хугацаанд экспортын тээвэр өшөө ч нэмэгдэнэ гэдэгт Оросын шинжээчид итгэлтэй байгаа гэнэ.

Дотоодын зах зээл дэх хэрэглээ хумигдсанаас үүдэлтэй ОХУ-ын зарим түүхий эдийн үнэ хямдарсан, үүнээс болоод Урал, Сибирийн томоохон үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ түргэн борлуулахын тулд хямд үнээр экспортлохыг илүүд үзсэн нь ийнхүү экспортын тээврийг өсгөхөд нөлөөлж байгаа. Мөн Ойрхи Дорнодын хямралаас болоод Оросын компаниуд шинэ худалдан авагчид, тухайлбал, Энэтхэгийн зах зээлд төмрийн хүдэр ихээр нийлүүлэх санаатай байгаа ч тээвэр ложистикийн өндөр зардлаас болоод өрсөлдөх чадвар нь тийм ч сайнгүй байна. Тиймээс тэд ойрын хугацаанд Төв Азийн зах зээлд хямд түүхий эд нийлүүлэх, мэдээж үүндээ төмөр замын тээврийг түлхүү ашиглах төлөвтэй байгаа юм.

Дэлхий дахинд
🌎 Ормузын хоолойн нөхцөл байдал - DHL компанийн захирал юу ярив?

DHL Group-ийн гүйцэтгэх захирал Тобиас Майер Bloomberg TV-д өгсөн ярилцлагадаа Персийн булангаас гарах газрын тосны урсгал тасалдаж байгаа нь дэлхийн эдийн засагт томоохон эрсдэл дагуулж байгааг анхаарууллаа. Ормузын хоолой дахь тогтворгүй байдал нь зөвхөн эрчим хүчний зах зээлээр зогсохгүй, тээврийн компаниудын гүйцэтгэл, маршрутын тогтвортой байдал болон үйл ажиллагааны зардалд шууд нөлөөлж эхэлсэн байна. Тус компани дэлхийн 200 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг тул энэхүү тасалдал нь нийлүүлэлтийн сүлжээний бүхий л түвшинд, ялангуяа Ази-Европын чиглэлийн тээвэрт хүчтэй мэдрэгдэж байгааг тэрээр онцлов.

Ложистикийн салбарын хувьд тулгарч буй гол асуудал нь шатахууны үнийн өсөлтөөс гадна тээвэрлэлтийн уян хатан байдал алдагдаж, компаниудын төлөвлөсөн төсөвт учрах тооцоолоогүй зардлын дарамт нэмэгдэж байгаа явдал юм. Хэрэв энэхүү нөхцөл байдал удаан үргэлжилбэл ачаа тээврийн зах зээлийн орлого хумигдах, үйлчилгээний гүйцэтгэл болон дэлхийн худалдааны эргэлтэд сөргөөр нөлөөлөх, зардал орлого бараг тэнцэх ч байдалд хүрч болзошгүйг Майер санууллаа.

Ойрхи Дорнодын хямрал нь эхэндээ эрчим хүчний салбарт гүнзгий нөлөөлөхөөр харагдаж байсан боловч одоо харин нийлүүлэлтийн сүлжээ, тээвэр ложистикийн хувьд томоохон асуудал болон хувирч байна гэж ойлгогдохоор байна.

Дэлхий дахинд
🌎 Дэлхийн хамгийн том автомашин тээвэрлэгч хөлгийг хүлээлгэн өглөө

Hyundai группийн тээвэр хариуцсан охин компани болох Hyundai Glovis дэлхийн хамгийн том автомашин тээвэрлэгч хөлөг (PCTC) Glovis Leader усан онгоцоо хүлээн авлаа. Энэхүү хөлөг нь нэг удаадаа 10,800 автомашин тээвэрлэх хүчин чадалтай юм.

Хөлгийн урт нь 230 метр, 40 метр өргөн, 102,590тонн даацтай аж. Glovis Leader хөлгийн ачаа ачих талбай нь л гэхэд 28 ширхэг хөлбөмбөгийн талбайтай тэнцэн гээд бод доо. Hyundai Glovis компани нь ultra-large pure car and truck carrier (PCTC) 10,000-с дээш тооны машин ачих хүчин чадалтай анхны хөлгийг эзэмшигч болж байгаа юм.

Glovis Leader хөлөг нь шингэрүүлсэн байгалийн хийгээр ажиллах хос хөдөлгүүртэй тул хүлэмжийн хийн ялгаруулалт байхгүйд тооцогдоно. Уг хүчирхэг хөлгийг манай урд хөрш БНХАУ-д үйлдвэрлэжээ.

Дотоод мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Казакстан улсад хийсэн айлчлал

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын 18 бичиг баримтад гарын үсэг зурсан байна.

Хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна. 2025 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 60 орчим сая ам.доллар буюу 2024 онтой харьцуулахад худалдааны эргэлт долоон хувиар өсчээ. Мэдээж энэ тоон үзүүлэлтийг өсгөх, цаашид худалдааны эргэлтийг огцом нэмэгдүүлж 500 сая ам.долларт хүргэх, бодлогын тохиролцоонд хүрсэн

Тээвэр логистикийн асуудлын хүрээнд Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэгийг эхлүүлэх, Баян-Өлгий-Өскемен чиглэлийн нислэгийг сэргээх, тээврийн дөт авто замыг хамтран бий болгох, хөрөнгө оруулалт, санхүүгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд хооронд харилцан зорчих, аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Баян-Өлгий аймагт Бүгд найрамдах Казахстан улс Консулыг нээх, Хархорум хот болон Налайх дүүргийг Казахстаны хотуудтай ах, дүүгийн харилцаатай болгох зэрэг зэрэг хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд олон тохиролцоонуудыг хийлээ.

Дотоод мэдээ
Logistics Forum 2026

Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Logistics Forum арга хэмжээ энэ жил МҮХАҮТ дээр зохион байгуулагдах бөгөөд бүртгэл албан ёсоор эхэлж байгаа мэдээллийг холбооны пэйж дээр олон нийтэд нээлттэй тавьжээ.

Холбооны гишүүн байгууллагууд бүртгүүлэх бол 200,000 төгрөг төлж, өдрийн форум, оройны арга хэмжээнд орох бөгөөд, гишүүн бус байгууллагууд зөвхөн өдрийн форум арга хэмжээнд 150,000 төгрөгөөр бүртгүүлэн оролцох юм байна.

Тээвэр зуучийн салбарын цаашдын чиг хандлага, холбогдох төрийн байгууллагуудын бодлого, салбарын ААН-үүдэд тулгамдаж буй асуудлууд болон боломжит шийдлүүд юу байх нь вэ гэдгийг сонирхож байвал уг арга хэмжээндээ бүртгүүлэн идэвхитэй оролцоно буй за.

Дотоод мэдээ
Хилийн боомтууд 5-р сард ямар хуваариар ажиллах вэ

Монгол Улсын Гаалийн ерөнхий газраас 2026 оны 5-р сард хилийн боомтууд ямар цагийн хуваариар ажиллах талаарх мэдээллийг олон нийтийн сүлжээнд мэдээлжээ.

Дотоод мэдээ
УБТЗ-н мэдээлэл

📌2026 оны эхнээс 4 дүгээр сарын 23 –ны өдрийг дуусталх байдлаар 11 сая 179,9 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 975,8 мянган тонноор илүү, төлөвлөгөө 106 хувийн биелэлттэй байв.
📌Мөн хугацаанд 7 сая 880,4 мянган тонн ачаа ачсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 572,4 мянган тонноор илүү байна.
📌Тайлант хугацаанд Замын-Үүд өртөөний өргөн царигаар өгсөн болон авсан талдаа хоног тутам дунджаар 16,1, нарийн царигаар өгсөн болон авсан талдаа хоног тутам дунджаар 7,2 галт тэрэг, Сүхбаатар-Наушки өртөөгөөр хоног тутам дунджаар өгсөн талдаа 7,4, авсан талдаа 8,4 галт тэрэг солилцсон байна.
📌Оны эхнээс 1206 дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 140 галт тэргээр илүү байжээ.

Keep Reading