ДЭЛХИЙ ДАХИНД
Вьетнам улс далайн тээврийн том тоглогч болох нь уу?
Дэлхийн чингэлэг тээврийн хамгийн том оператор MSC компани Вьетнамын Хошимин хотын ойролцоо 4.9 тэрбум ам.долларын өртөг бүхий Кан Жо (Cần Giờ) олон улсын шилжүүлэн ачих боомтын терминал барих зөвшөөрлөө авлаа. 2047 он гэхэд 16.9 сая TEU ачаа нэвтрүүлэх хүчин чадалтай, 7.5 км урт зогсоолтой энэхүү боомт нь өмнө нь Сингапур болон Порт Кланг боомтуудаар дамждаг байсан ачааны урсгалыг өөртөө татаж, бүс нутгийн дамжуулан ачих (transshipment) зах зээлд гол тоглогч болох зорилготой юм. MSC компани хөрөнгө оруулагчаар оролцож байгаа нь шинэ боомтын ачаа эргэлтийг эхнээс нь тогтвортой хангах стратегийн хамгийн том давуу тал болж байна.
Энэхүү төсөл нь дан ганц боомтын бүтээн байгуулалт биш бөгөөд метроны шинэ шугам, гүүр болон далайн эргийн хот байгуулалт зэрэг дэд бүтцийн нэгдсэн төлөвлөлтийн нэг хэсэг юм. Боомтын шав тавих ёслол 4 дүгээр сарын 30-нд болох бөгөөд энэ нь Вьетнам улс үйлдвэрлэлийн төвөөс дэлхийн хэмжээний логистикийн зангилаа болон өөрчлөгдөж буйн тод дохио болж байна. Уг бүтээн байгуулалт нь Вьетнамын амбиц бодит хөрөнгө оруулалтаар баталгаажиж, олон улсын далайн тээврийн салбарын гол чиглэл болж байгааг илтгэж байгаа юм.

Персийн булан - Ормузын хоолой
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин 2026 оны 4 дүгээр сарын 13-наас эхлэн Оманы буланд Ираны боомтуудыг чиглэсэн хэсэгчилсэн бүслэлт (naval blockade) хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү ажиллагаа нь Ормузын хоолойг бүхэлд нь хаагаагүй бөгөөд зөвхөн Ирантай холбоотой ачаа тээвэр, хөлөг онгоцуудыг саатуулах замаар бусад орны арилжааны тээвэрлэлтийн чөлөөт байдлыг хэвээр хадгалж байна. Одоогийн байдлаар Ирантай холбоотой 14 орчим хөлөг онгоцыг буцаасан бөгөөд энэ нь тус улсын далайн худалдааг зогсоож, дипломат хэлэлцээрт давуу тал олж авах эдийн засгийн шахалт болж байна.
Гэвч Ираны зүгээс хариу арга хэмжээ авч, АНУ-ын байлдааны хөлөг онгоцууд болон Персийн булан дахь нийт худалдааны эргэлтэд халдана гэж сүрдүүлж байгаа нь бүс нутгийн аюулгүй байдалд өндөр эрсдэл үүсгэв. БНХАУ-ын зүгээс энэхүү хоригийг "аюултай, хариуцлагагүй алхам" гэж шүүмжлэн өөрийн орны хөлөг онгоцуудын тээвэрлэлтэд саад учруулахгүй байхыг анхааруулж байна. Логистикийн салбарынхны хувьд газрын тосны үнийн тогтворгүй байдал болон тээврийн чиглэлийг Арабын Нэгдсэн Эмират улсын орчимд өөрчлөх шаардлага гарч болзошгүй байгаа тул нөхцөл байдлыг анхааралтай ажиглах шаардлагатай боллоо.

Bunkering charge буюу хөлөг онгоцны шатахууны үнийн чиг хандлага
Ормузын хоолой хаагдсан хэвээр байгаа ч дэлхийн зах зээл дээр бункерийн түлшний үнэ тогтворжих хандлагатай байна. Гэвч энэхүү тогтворжилт нь бүс нутгуудад харилцан адилгүй байгаа бөгөөд дэлхийн хамгийн том цэнэглэх зангилаа болох Сингапурт түлшний нөөц хангалттай байгаагийн ачаар бага хүхэртэй түлшний (VLSFO) үнэ эргэн буурч, зах зээл хэвийн голдиролдоо орж эхэллээ. Maersk, Wan Hai зэрэг томоохон тээвэрлэгчид нийлүүлэлтийн гэрээгээ хэвийн үргэлжлүүлж байгаа ч үнийн хэлбэлзлээс сэргийлэхийн тулд түлш захиалах хугацаагаа уртасгаж, өөр хувилбарт боомтуудыг бэлтгэж байна.
Нөгөө талдаа хөлөг онгоцууд Сайн Итгэлтийн хошууг (Cape of Good Hope) тойрон явж байгаатай холбоотойгоор зарим боомтуудад түлшний хомсдол үүсэж, үнэ огцом өслөө. Тухайлбал, Өмнөд Африкийн Дурбан боомтод VLSFO-ийн үнэ тонн тутамдаа 1,480 ам.долларт хүрсэн нь Роттердам эсвэл Сингапурын ханшаас бараг хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Мөн Гибралтар, Лас Палмас болон Баруун Африкийн Лагос зэрэг боомтуудад нийлүүлэлт хязгаарлагдмал байгаа тул тээвэрлэгчид түлш цэнэглэх захиалгаа хамгийн багадаа 7-10 хоногийн өмнө өгөх шаардлагатай болж байна.

Европын орнууд нисэх онгоцны түлшний зургаан долоо хоногийн нөөцтэй байгааг анхаарууллаа
Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн (IEA) тэргүүн Европ тив нисэх онгоцны түлшний зургаан долоо хоногийн нөөцтэй байгааг өчигдөр анхааруулжээ.
АНУ, Израилийн өдөөсөн дайны хариуд Иран улс дэлхийн эрчим хүч тээвэрлэлтийн гол замуудын нэг болох Ормузын хоолойг хааснаар дэлхий дахинд түлш шатахууны хомсдол үүсээд байгаа.
IEA-ийн гүйцэтгэх захирал Фатих Бирол хэрвээ нийлүүлэлт тасалдсан хэвээр байвал удахгүй нислэгүүд цуцлагдаж болзошгүйг хэвлэлд өгсөн ярилцлагадаа анхааруулжээ.
Урд хөршийн нөхцөл байдал
Тяньжин - Эрээн
2026 оны эхний улирлын байдлаар БНХАУ-ын боомтуудын чингэлэг тээвэрлэлт түүхэн дээд хэмжээндээ хүрч, эрчтэй өсөлтөө үргэлжлүүлж байна. Дэлхийн хамгийн ачаалалтай Шанхай боомт зөвхөн нэгдүгээр улиралд 14.1 сая ТЕU чингэлэг нэвтрүүлсэн бөгөөд Нинбо-Жоушань, Шэньжэнь зэрэг бусад томоохон зангилаа боомтууд ч тогтвортой өсөлттэй байгаа юм. Ойрх Дорнодын геополитикийн хурцадмал байдал болон Ормузын хоолойн бүслэлт нь Хятадын экспортын болон Ази доторх тээвэрлэлтийн урсгалд одоогоор мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлээгүй байна.
Тяньжин боомт болон Тяньжин-Эрээнхот төмөр замын коридор нь 2026 оны 4-р сарын дунд гэхэд чингэлэг тээвэр мэдэгдэхүйц өссөн ч, түгжрэл саатал багатай, төмөр замын идэвхтэй үйл ажиллагаатайгаар сайн гүйцэтгэл үзүүлжээ.

2026 оны 1-р улиралд Эрээнхот нь Хятад-Европын чиглэлийн 1145 ачааны галт тэрэг дамжуулсан нь өмнөх оны мөн үеэс 22.3%-иар өссөн үзүүлэлттэй бөгөөд 110,200 TEU буюу 946,400 тонн ачаа тээвэрлэсэн (14.6% ба 19.7% -иар өссөн). Зүүн коридорт (бусад хойд боомтуудыг оруулаад) оны эхний 57 хоногт 1,000 гаруй галт тэрэг тээвэрлэгдсэн үзүүлэлттэй байгаа.
Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс Өвөр Монголын өөртөө засах оронд "Хятадын (Өвөр Монгол) Чөлөөт худалдааны туршилтын бүс" (FTZ) байгуулах шийдвэрийг албан ёсоор танилцууллаа. Энэхүү бүс нь Хөххот, Эрээн болон Манжуур гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд нийт 119.74 хавтгай дөрвөлжин километр талбайг хамарч байна. Логистикийн талаас нь харвал, энэ нь Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын дагуух худалдааны урсгалыг хялбарчлах, хойд хөршүүд рүү чиглэсэн экспортын "гүүр" болох стратегийн том алхам юм.
Чөлөөт худалдааны туршилтын бүс
БНХАУ-ын Төрийн зөвлөл 2026 оны 4 дүгээр сард Өвөр Монголын өөртөө засах оронд Чөлөөт худалдааны туршилтын бүс (FTZ) байгуулах төлөвлөгөөг баталлаа. Энэхүү бүс нь Хөххот, Эрээн, Манжуур гэсэн гурван дэд бүсэд хуваагдаж байгаа бөгөөд Эрээн хотын хувьд олон улсын худалдаа, логистик болон хил дамнасан цахим худалдааны гол зангилаа болох зорилготой юм. Энэхүү шийдвэр нь Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах бөгөөд Монгол улстай хийх худалдааны эргэлтийг дэмжих стратегийн чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Логистикийн салбарын хувьд энэхүү чөлөөт бүс байгуулагдсанаар гаалийн бүрдүүлэлтийг "нэг цонхны систем"-д шилжүүлж, бичиг баримтын ачааллыг 30 орчим хувиар бууруулах боломж бүрдэх ажээ. Мөн 5G болон IoT технологид суурилсан "дижитал ухаалаг суваг"-ийг нэвтрүүлснээр ачаа тээвэрлэлтийн хугацааг богиносгож, Монгол улс руу хийгдэх тээвэрлэлтийг “next-day delivery” түвшинд хүргэхээр зорьж байна. Энэ нь тээврийн компаниудын хувьд гаалийн татваргүй хадгалалт, боловсруулалт хийх боломжийг нэмэгдүүлж, хил орчмын логистикийн зардлыг мэдэгдэхүйц хэмнэх давуу талтай юм.
Дотоод мэдээ
УБТЗ тойм

2026 оны 4-р сарын 10-ны байдлаар төмөр замын тээврийн үзүүлэлтүүд өнгөрсөн оны мөн үеэс өссөн дүнтэй гарч, нийт 9.87 сая тонн ачаа тээвэрлээд байна. Үүнээс ачилт 6.94 сая тоннд хүрсэн нь өмнөх оноос 409 мянган тонноор давсан үзүүлэлт юм. Хилийн боомтуудын үйл ажиллагаа тогтвортой байгаа бөгөөд Замын-Үүд өртөөгөөр хоногт дунджаар өргөн царигаар 16.2, нарийн царигаар 8 галт тэрэг, харин Сүхбаатар-Наушки чиглэлд 8.4 галт тэрэг солилцож, тээвэрлэлтийн урсгал эрчимтэй үргэлжилж байна.
Гэвч геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан дизель түлшний үнэ огцом өсөж, 5-р сард тонн тутам нь 1957 ам.долларт хүрэх төлөвтэй байгаа нь нийгэмлэгийн санхүүд хүндрэл учруулж эхэллээ. Үүний эсрэг хариу арга хэмжээ болгож 37.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг 2027 он хүртэл хойшлуулах, тэвчиж болох зардлуудыг хэмнэх замаар төсвийн тодотгол хийхээр шийдвэрлэв. Мөн үнийн өсөлтөөс үүдэлтэй зардлыг нөхөх зорилгоор тээврийн тарифыг индексжүүлэх хоёр дахь шатны ажлыг ойрын хугацаанд эхлүүлэхээр төлөвлөж байна.
Коксжсон хөх нүүрсийг хугацаанд нь тээвэрлэж дууслаа
Өнгөрсөн оны намраас нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд коксжсон хөх нүүрсийг БНХАУ-аас импортоор авч гэр хорооллын айл өрхүүдийн дулааны хэрэгцээнд нийлүүлж эхэлсэн бөгөөд уг түлшийг Эрээн өртөөнөөс хүлээн авч тээвэрлэх үүргийг УБТЗ ХНН хүлээгээд байсан.
2025 оны есдүгээр сарын 20-ноос 2026 оны дөрөвдүгээр сарын 13-ныг хүртэл нийтдээ 162 галт тэрэг буюу 7860 вагон 367,2 мянган тонн коксжсон хөх нүүрсийг БНХАУ-ын Эрээн өртөөнөөс хүлээн авч шуурхай тээвэрлэх ажлыг төлөвлөсөн хугацаандаа дуусгалаа.
Ганцмод - Гашуунсухайтын төмөр зам 80% гүйцэтгэл ?

Ганцмод-Гашуунсухайт боомтыг холбох Монгол, Хятадын хоёр дахь хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эрчимжиж, энэ 2026 онд барилга угсралтын ажлын 80 хувийг гүйцэтгэхээр төлөвлөж байна. Тавантолгойн нүүрсний ордыг БНХАУ-ын төмөр замын сүлжээтэй шууд холбох 9.9 км урттай энэхүү зам 2027 онд ашиглалтад орж, 4 дүгээр сард туршилтын тээвэрлэлтээ эхлүүлэх юм. Ойролцоогоор 250 сая ам.долларын төсөвтэй уг төсөл нь нарийн болон өргөн царигийн хос замаар баригдаж байгаа бөгөөд ингэснээр хил дээрх ачаа шилжүүлэн ачих саатлыг арилгах онцгой ач холбогдолтой.
Төмөр зам ашиглалтад орсноор тухайн боомтын нэвтрүүлэх чадвар жилд 30 сая тонноор нэмэгдэж, нүүрсний экспортын хэмжээг хоёр дахин өсгөх боломж бүрдэнэ. Энэ нь Монгол Улсын жилийн нийт нүүрсний экспортыг 160 сая тоннд хүргэх стратегийн зорилтыг биелүүлэхэд гол хөшүүрэг болох юм.
БНСУ-н Hanjin Shipping компанийн дампуурлын талаар

Hanjin Shipping компанийн 2016 оны дампуурал нь чингэлэг тээврийн салбарын түүхэн дэх хамгийн томд тооцогдох бүтэлгүйтлийн жишээ бөгөөд асар их хохирол дагуулсан уналт болж байв. Энэхүү дампуурал нь ганц нэг тохиолдлоос бус, бүтэц, санхүү болон менежментийн алдаанууд нэг дор давхцсанаас үүдэлтэй байсан гэгддэг.
Дампуурсан гол шалтгаанууд
Чартерийн өндөр үнэ: 2000-аад оны дунд үеийн тээврийн салбарын ид өсөлтийн үеэр Ханжин компани хөлөг онгоц түрээслэх (charter) урт хугацааны гэрээнүүдийг зах зээлийн хамгийн оргил үнээр байгуулсан. Гэвч 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа ачаа тээврийн орлого эрс буурсан ч тэд зах зээлийн ханшаас хамаагүй өндөр түрээсийг өмнөх гэрээний дагуу төлсөөр байсан нь санхүүг нь туйлдуулахад хүргэж.
"Economies of scale"-ийн сөрөг тал: Өрсөлдөгчдийнхөө адил Ханжин тээврийн зардлаа хэмнэхийн тулд асар том том хөлөг онгоцууд захиалжээ. Гэвч дэлхийн хэмжээнд тээвэрлэлтийн нийлүүлэлт эрэлтээсээ давж, илүүдэл үүссэн тул тэд том онгоцууддаа ашигтай тарифаар ачаа дүүргэж чадаагүй аж.
Төрийн дэмжлэг авч чадаагүй: Өрсөлдөгч HMM (Hyundai Merchant Marine) компаниасаа ялгаатай нь Ханжин цаг тухайд нь төр засгаас дэмжлэг тусламж авч чадаагүй юм. Өмнөд Солонгосын засгийн газар болон Солонгосын Хөгжлийн Банк (KDB) томоохон группүүдийг дампууруулахгүйн тулд татаас өгдөг байдлаа гэнэт зогсоохоор шийдэж, Ханжины санхүүгийн дэмжлэг хүссэн төлөвлөгөөнд татгалзсан хариу өгсөн байдаг.
Удирдлагын туршлага дутсан нь: Группийн үүсгэн байгуулагч Чо Жун хун нас барсны дараа Hanjin-ий эзэмшил эрх түүний хүүхдүүдэд улмаар эхнэрт нь шилжин иржээ. Хожим дампуурлын асуудлаарх парламентын сонсгол дээр нөхрөө нас барсны дараа группийн удирдлагыг хүлээн авсан Чой Юн Ён "гэрийн эзэгтэйгээс нэг л өдөр дэлхийн хэмжээний тээврийн компанийн гүйцэтгэх захирал болсон, мөн дэлхийн санхүүгийн хямралыг даван туулах мэргэжлийн туршлага дутсан" гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.
Дампуурлаас үүдэлтэй сургамж
Том байхаас илүү уян хатан байх нь чухал: Тооны хойноос хөөцөлдөж, хэт олон хөлөг онгоц түрээслэх бус өөрийн эзэмшлийн болон түрээсийн хөлөг онгоцны тооны харьцааг зөв зохицуулахад тээвэрлэгчид анхаардаг болж, өндөр үнэтэй түрээсийн гэрээг урт хугацаагаар бус, шаардлагатай тохиолдолд богино хугацаатай хийхийг эрмэлздэг болсон.
Хууль эрх зүй: Hanjin shipping дампуурахад 14 тэрбум долларын үнэ бүхий ачаа далайд гацсан байдаг. Боомтууд дампуурсан компаниас төлбөрөө авч чадахгүй байх вий гэж айснаас онгоцуудыг нэвтрүүлээгүй аж. Энэ нь ачаа илгээгчдийг Incoterms (жишээ нь FOB-ийн оронд FCA ашиглах гэх мэт) болон эрсдэл шилжих цэгийг илүү нарийн тооцдог болоход хүргэсэн.
Эрсдэлийн үнэлгээ: Дээрх хууль эрх зүйн асуудалтай холбоотойгоор ачаа илгээгч, хүлээн авагчид зөвхөн тээврийн хямд үнийг чухалчлалгүй, тухайн тээврийн үйлчилгээ үзүүлэгчийн санхүүгийн чадавхи, үйл ажиллагааны туршлагыг харгалзах болсон зэрэг юм.
Манай мэдээллүүд таалагдаж байгаа бол хуудсуудад маань нэгдэж, нийтлэлийг маань сошиал дээрээ ч мөн хуваалцаарай.
Вэб хуудас: https://shippingmongolia.beehiiv.com/
Facebook Page: https://www.facebook.com/FreightLensMongolia
LinkedIn Page: https://www.linkedin.com/company/freightlensmongolia
Баярлалаа.
