ОРМУЗЫН ХООЛОЙ

Бараг 3 дахь сар руугаа орж буй АНУ-Ираны зөрчилдөөн нэг л эв найрамдалд хүрч өгөхгүй л байна. Учиргүй буудалцаж, пуужин харвах нь багассан ч, газрын тос, байгалийн хий, бордооны түүхий эдийн дамжин өнгөрөх томоохон судас хаагдсан нь дэлхийн нийтийн асуудал болсон хэвээр.

Энэ 7 хоногт АНУ-ын ерөнхийлөгч "Project Freedom" санаачилгаа зогсоож байгаагаа зарлаж, Ормузын хоолойгоор ачааны хөлгүүдийг нэвтрүүлэх ажиллагааг зогсонги байдалд оруулав. Цагтаа өдөрт 138 хөлөг нэвтрэн гардаг байсан хоолойгоор одоо өдөртөө 5 хүрэхтэй үгүйтэй хөлөг онгоц өндөр эрсдэл туулан гарч байгаа юм. Энэ сарын 5-нд Мальтийн далбаатай CMA CGM San Antonio ачааны хөлөг пуужингийн довтолгоонд өртөж, хөлгийн багийнхан шархадсан хэрэг явдал гарснаас үзвэл нөхцөл байдал хүнд хэвээр байна гэсэн үг.

Иран улс Persian Gulf Strait Authority нэртэй алба байгуулж, ачааны хөлгүүдээс 1 сая хүртэлх долларын хураамж, нефть тээвэрлэгч онгоцуудаас баррель тутамд 1 долларын хураамж авна гэж мэдэгдээд байгаа. Харин АНУ байлдааны хөлгүүдээрээ Ираны боомтуудаас ачаатай гарах орох хөлгүүдийг нэвтрүүлэхгүй хориглолтын бүс байгуулаад байна.

Дэлхий дахинд
🌎 Amazon компани ложистикийн бизнес эрхэлнэ

Цахим худалдааны гигант Амазон компани Amazon Supply Chain Services (ASCS) нэртэйгээр ложистикийн бүрэн үйлчилгээ үзүүлж эхэлнэ гэж мэдэгдлээ. Өмнө нь тээвэр ложистик нь тэдний үндсэн үйл ажиллагааны туслах процесс гэж тооцогддог байсан бол одоо ийнхүү биеэ даасан үйлчилгээ боллоо. Амазон дээр бараагаа зардаггүй компаниуд ч тэднийхээр тээвэр ложистикоо хийлгэж болно гэсэн үг.

Энэ шилжилтийг тэд өмнө нь нэг удаа AWS (Amazon Web Services) үйлчилгээн дээрээ хэрэгжүүлсэн удаатай. Томоохон хямдралууд, баяр ёслолын үеэр худалдан авалт, цахим хандалт эрс ихэсдэг учир гацалт саатал үүсгэхгүйн тулд Amazon олон мянган хүчирхэг серверүүд ажиллуулж найдвартай байдлаа хангадаг. Хямдрал, баяр ёслол болоогүй үед харин тэдгээр серверүүд нь энгийн хэллэгээр “сул зогсолт“ хийгээд байсан тул сервер, cloud computing түрээсийн үйлчилгээ буюу AWS-ийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ нь ч ихээхэн амжилт олсон.

Харин одоо яг түүнтэй нэгэн адилаар өөрийн эзэмшлийн олон тооны нисэх онгоц, ачааны машинууд, агуулахуудаа ашиглах боломжийг бусад компанид олгож байна гэсэн үг. Зөвхөн худалдагч эцсийн хэрэглэгч хоёрын дунд бус, үйлдвэрлэгч компанид түүхий эдийг нь хүргэж өгөх, түгээх, бэлэн бүтээгдэхүүнийг нь дараагийн цэгт хүргэх, агуулахад хадгалах, түгээлт дистрибьюшн хийх, AI ашиглан барааны нөөц, татан авалтын тооцоолол хийх, мөн мэдээж эцсийн хэрэглэгчид нь хүргэж өгөх үйлчилгээ гээд иж бүрэн ложистикийг санал болгох нь ээ. Нэг онцлог нь Amazon-ы энэ үйлчилгээг өрсөлдөгч компаниуд нь авч болох аж. Одоогоор Procter & Gamble, 3M, American Eagle Outfitters зэрэг томоохон брэндүүд Amazon-ы иж бүрэн ложистик үйлчилгээг ашиглаж байгаа юм байна.

Ложистикийн салбарт энэ шилжилт нь ямар өөрчлөлт авчрах боломжтой вэ?

Өнөөгийн олон улсын тээвэр ложистикийн давамгайлах тоглогчид болох FedEx болон UPS-ийн хувьд хамгийн таагүй мэдээ байж таарна. Учир нь энэ хоёр компани АНУ-ын ложистикийн зах зээлийг бүрэн “баздаг” гэхэд хилсдэхгүй. Amazon-ы мэдэгдлийн дараагаар тэдний хувьцааны үнэ 10 орчим хувиар унаснаас үзвэл зах зээлийн хүлээлт ч Amazon-ы талд байгааг харуулж байна.

Хэдийгээр зах зээлд дээрх хоёр компани гол тоглогч ч гэлээ хаалганд хүргэх хүргэлт буюу эцсийн хүргэлт хийсэн илгээмжийн тоогоороо Amazon нь FedEx, UPS хоёроос илүү гарсан байдаг аж. Мөн Amazon-ы агуулах, хүргэлтийн үйлчилгээ нь маш өндөр оновчлолтой, хамгийн бага зардлаар, өндөр үр ашигтай ажилладгаараа алдартай тул үйлчилгээний үнэ ханшийн хувьд FedEx, UPS хоёрыг нилээн шахалтад оруулах болов уу.

Amazon-ы өдөрт нь багтаан хүргэх, маргааш нь хүргэх гэх мэт хурдан шуурхай үйлчилгээ нь хэрэглэгчдийг ихээр татдаг бөгөөд энэ стандартаа тэд ложистикийн бизнестээ ч баримтлах нь дамжиггүй. Жишээ нь автомашин үйлдвэрлэгч компани сэлбэг, эд анги нийлүүлэгчээсээ татан авалтаа өдөрт нь, эсвэл маргааш нь хүргүүлээд авна гэвэл тэд Amazon-ыг л шууд сонгож таарна.

Өөр бас нэг өрсөлдөөний давуу тал нь Amazon худалдаа, худалдан авагч, бараа бүтээгдэхүүний хамгийн их дата өгөгдөл цуглуулсан компани. Тэр хэрээрээ ч шинэ дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа өргөн нэвтрүүлсэн нь хэрэглэгчид ложистикийн үйлчилгээний сонголт хийх тохиолдолд хамгийн хурдан шуурхай, хялбар, ойлгомжтой, бас асар их мэдээлэлтэй орчинд харилцана гэсэн үг.

Өнөөдөртөө АНУ-ын зах зээлийг түйвээхээр шийдсэн тус компани бусад тив, улс орнууд руу орж ирэх нь цаг хугацааны л асуудал биз ээ.

Дэлхий дахинд
🌎COSCO Shipping бүрэн цахилгаан хөдөлгүүртэй ачааны хөлөг танилцууллаа

Хятадын төрийн өмчит COSCO Shipping компани томоохон гол мөрөн болон задгай тэнгист хөвөх боломжтой, 50,000 кВт/ц багтаамжтай батарей бүхий, бүрэн цахилгаан хөдөлгүүртэй хөлөг онгоцоо танилцуулав.

The Green Water 01 нэртэй уг хөлөг нь 10,000 тонн жинтэй, 119,8 метр урт, 23.6 метр өргөн, 9 метрийн өндөртэй аж. Усанд 5.5 метр суух уг хөлөг нь 19.4 км/ц хүртэл хурдална. Одоогийн байдлаар 50,000 кВт/ц батарей гэдэг бол хөлөг онгоцонд өмнө нь тавигдаж байгаагүй өндөр багтаамжтай хуримтлуур болж байна. Хэрэв илүү хол зай туулах шаардлага үүсвэл 20фт чингэлэгт багтаасан нэмэлт батарей өөр дээрээ ачиж, 1600 кВт/ц нэмэлтээр холбох боломжтой.

омпани. Тэр хэрээрээ ч шинэ дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа өргөн нэвтрүүлсэн нь хэрэглэгчид ложистикийн үйлчилгээний сонголт хийх тохиолдолд хамгийн хурдан шуурхай, хялбар, ойлгомжтой, бас асар их мэдээлэлтэй орчинд харилцана гэсэн үг.

COSCO-ийн энэхүү хөлөг онгоц нь 100 nautical mile тутамд 3900 тонн түлш хэмнэж, 12.4 тонн хүлэмжийн хийн ялгарах байсныг зогсоож байгаагаараа онцлогтой ажээ.

Дэлхий дахинд
🌎910,000 баррель нефть АНУ-ын Техасаас Токио боомтод ирлээ

Япон улс газрын тосны хэрэглээнийхээ 90%-ийг Персийн булангаас авдаг байсан бөгөөд Иран руу АНУ довтолж, Ормузын хоолой хаагдсанаар тус улс хүнд байдалд орж, стратегийн нөөцөө хэрэглэж эхлэхэд хүрээд байсан билээ.

Харин одоо тэд Панамын сувгаар дамжуулан, АНУ-аас газрын тос тээвэрлэж эхэллээ. Техас мужийн Хьюстоны боомтоос гарсан нефтийн танкер хөлөг нь 910,000 баррель нефть ачиж, нийтдээ 35 хоногийн аяллын дараа Токиод бууж буй нь энэ юм.

Танин мэдэхүй
Ачаа тээврийн чингэлгийн түүх

Чингэлэгийн "эцэг" ба анхны санаачилга
Хэдийгээр ачааг хайрцаглаж тээвэрлэх оролдлого 18-19-р зууны Англид (нүүрсний уурхайнуудад) байсан ч, орчин үеийн стандартыг Америкийн бизнесмэн Мальком Маклин (Malcom McLean) санаачилжээ.

Тэрээр ачааны машины жолооч байхдаа боомт дээр ачааг нэг нэгээр нь гараар зөөж, хөлөг онгоц руу ачихад асар их цаг хугацаа, хүн хүч үрэгдэж байгааг ажигласан байна. "Ачааг биш, ачааны машины чиргүүлийг тэр чигээр нь өргөөд онгоцон дээр тавьчихаж болдоггүй юм байх даа?" гэсэн түүний энгийн санаа логистикийн ертөнцийг өөрчилсөн юм.

Анхны аялал ба эргэлтийн цэг
1956 оны 4-р сарын 26-нд Маклин өөрийн өөрчлөн тоноглосон "Ideal-X" хөлөг онгоцоор Нью-Жерсигээс Хьюстон руу анхны 58 чингэлэгийг тээвэрлэжээ.

Энэхүү туршилт нь эдийн засгийн хувьд асар их үр дүнтэй болох нь шууд батлагдсан юм:

Зардал: Тухайн үед ачааг задгайгаар (break-bulk) ачихад нэг тонн нь 5.83 ам.доллар байсан бол, чингэлэг ашиглахад ердөө 0.16 ам.доллар болж буурчээ.

Цаг хугацаа: Боомт дээр долоо хоногоор саатдаг байсан онгоцнууд хэдхэн цагийн дотор ачаагаа буулгаж, дараагийн аялалдаа гарах боломжтой болов.

Стандартчилал ба дэлхий даяарх хөгжил
1960-аад он хүртэл компаниуд өөр өөр хэмжээтэй чингэлэг ашиглаж байсан нь тээвэрлэлтэд хүндрэл учруулж байлаа. Вьетнамын дайны үед АНУ-ын арми асар их хэмжээний хангамжийг хурдан хүргэхийн тулд нэгдсэн стандарт шаардсан нь ISO стандарт (20 ба 40 футын чингэлэг) бий болох үндэс болжээ.

Хөгжлийн үе шатууд:

1960-аад он: Чингэлэг тээвэр олон улсын хэмжээнд гарч, Атлантын далайг дамнасан анхны чингэлэгт тээвэрлэлт хийгдэв.

1970-1980-аад он: Дэлхийн томоохон боомтууд чингэлэг хүлээн авах кран, терминалуудаар тоноглогдож эхэлсэн.

Өнөөдөр: Дэлхийн нийт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 90 орчим хувь нь чингэлэгээр тээвэрлэгдэж байна. Одоо үед 24,000 гаруй чингэлэг (TEU) нэг дор тээвэрлэх хүчин чадалтай аварга хөлөг онгоцнууд далайд гарч байна.

Товчхондоо чингэлэг бол зүгээр нэг төмөр хайрцаг сав бус, харин тээврийн зардлыг хэдэн арав дахин хямд болгосноор та бидний хэрэглэж буй гар утаснаас эхлээд өмсөж буй хувцас хүртэлх бүх зүйлийг дэлхийн нэг өнцгөөс нөгөө рүү саадгүй хүрэх нөхцөлийг бүрдүүлсэн "инженерийн гайхамшиг" юм.

Дотоод мэдээ
УБТЗ ачаа тээврийн тарифаа нэмж магадгүй

Дизель түлшний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор УБТЗ зарим арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд эхний ээлжинд 7 хоногийн өдөр бүр явдаг байсан УБ-Сайншанд чиглэлийн зорчигчийн галт тэргийг зөвхөн баасан, бямба, ням гарагуудад явдаг болгож өөрчилжээ. Гэхдээ энэ нь одоогоор туршилт байдлаар явж эхлэх юм байна. Албан бус мэдээллээс үзвэл УБТЗ-н ОХУ-аас авдаг түлшний үнэ бараг 80 гаруй хувиар нэмэгдсэн нь ийм арга хэмжээ авахад хүргэсэн аж.

Цаашилбал, УБТЗ нь ачаа тээврийн тарифаа нэмэх хүсэлтийг холбогдох байгууллагуудад гаргаж магадгүй байгаа бөгөөд, Ормузын хоолойн нөхцөл байдал сайжрахгүй, ОХУ-ын дотоодод шатахуун түлшний эрэлт нийлүүлэлт тогтворгүй байх нөхцөлд ачаа тээврийн үнэ нэмэгдэх бараг эргэлзээгүй гэж таамаглаж байна.

Дотоод мэдээ
Замын-Үүд Эрээн боомтын авто ачаа нэвтрүүлэх ажлын цаг уртаслаа

Замын-Үүдийн хилийн боомтын захиргаанаас дээрх мэдээллийг хүргэж байна.
Авто тээврийн ачаа нэвтрүүлэх хэсэг 9-р сарыг дуустал уртасгасан цагаар ажиллах шийдвэрийг хоёр улсын хилийн боомтын удирдах байгууллагууд гаргажээ.
Тус шийдвэр нь 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын Бугат хотод зохион байгуулагдсан Монгол Улсын Хилийн боомтын захиргаа болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы Боомтын захиргааны алба хоорондын ажлын хэсгийн хуралдааны үр дүн бөгөөд талууд боомтын ачаа тээврийн хэсгийг цаг сунган ажиллуулсан өмнөх туршилтын үр дүнг харгалзан, улирлын ялгамжтай зохицуулалт хийхээр харилцан тохиролцсон билээ.

Дотоод мэдээ
АБТЭМА нэг цэгийн үйлчилгээ шинэчлэгдлээ

УБТЗ-н АБТЭМА ангийн контор нь засвар шинэчлэл хийж, тээвэр зуучуудын нэрлэдгээр “улаан контор” гэгдэх 3 давхар байрандаа нэг цэгийн үйлчилгээг төвлөрүүлжээ.

Өмнө нь тээвэр зуучийн ажилтнууд, ачаа хүлээн авагч нар хоёр конторын барилгын хооронд явах шаардлага үүсдэг байсан бол одоо ийнхүү утгаараа нэг цэгийн үйлчилгээ болж байгаа юм байна.

Энэ удаагийн дугаарыг хүлээн авч уншсанд баярлалаа.

Keep Reading